Disable Preloader

Өнөөдрөөс сайхан маргаашийн төлөө

Өдөр бүр хамгийн сайнаар ажилладаг ахлах түвшний мэргэжилтэн бол нягтлан бодогч бид нар билээ.

Бид саяхан 2012 онд санхүү, татварын тайлангаа дүүрэг, нийслэлийн төрийн сан, татварын албан дээр халуун зун, хүйтэн өвөл очерлон тушаадаг байж билээ. Үгүй ээ, бүүр дөнгөж саяхан  2015 оныг дуустал #НӨАТ-ын падааныг гараар бичиж харилцагч нартаа өгдөг байсаан. Гэтэл өнөөдөр бүгд технологийн хөгжил, дэвшилд өртөж цахим тайлан, цахим падаан, ebarimt гээд очиж тамгалуулахгүй, очерлож даарахгүй, олон цаг алдаж тайлан тушаахгүй болжээ. Хуучнаас нийгмийн даатгалын тайлан л сар бүр тамгалуулж тушааж байх шив дээ.

Зөвхөн сүүлийн 10 жилд гэхэд л нягтлан бодогч бидний мэргэжилд технологийн хувьсал маш өндрөөр нөлөөлсөн нь харагдаж байна.

Тэгвэл бидний ирээдүйн 10 жилд юу болох вэ, юу өөрчлөгдөх бол?;  Нягтлан бодогч гэдэг мэргэжил заавал байх шаардлагатай юу, бидний бизнес дэх үүрэг роль хэрхэн хувьсах бол гэдэг асуултууд ар араасаа хөвөрч болох юм.

Япон улсын  “Mitsubishi” компанийн судалгааны төв ухаалаг роботууд ирээдүйд ямар, ямар ажлын байрыг хүнээс булаах талаар судалгаа хий, дүгнэлт гаргажээ. Тэдний судалгаагаар ажлын байраа амархан алдах мэргэжлийн 3 дугаарт #НЯГТЛАН_БОДОГЧ орсон байна. Энэ мэргэжил нь  нарийн төвөгтэй, программчилж болохгүй үйлдлүүдийг их хийдэг учраас л оршин тогтносоор байгаа юм. Гэхдээ ирээдүйд машинууд хиймэл оюун ухааны тусламжтайгаар хамгийн хэцүү зүйлсийг ч төвөггүй хийдэг болох тул нягтлан бодогчийн хийдэг ажил нь хүнээс хамааралгүй болж болох юм гэж тодорхойлжээ. Үүнийг батлах мэт кассчингүй дэлгүүр, теллергүй банкны салбарууд өдөр тутам нэмэгдсээр байгаа билээ.

Хиймэл оюун ухаан нь санхүүгийн залилан, нягтлан бодох бүртгэлийн алдаа зэрэг хүнээс хамааралтай нягтлан бодох бүртгэлийн алдааг багасгаж чадаж байгаа билээ.  Мөн түүнчлэн хиймэл оюун ухаан нь давхардсан ажил гүйлгээ, данс андуурсан гүйлгээ, зардлын ангилал үнэн зөв бүртгэгдсэн эсэх, СТОУС-аар шаарддаг тооцоолол (элэгдэл, хуримтлал, нөөц, үнэ цэнийн бууралт, өсөлт)-ын зүйлс, гэх мат бүртгэлийн мэдээллийг хянах, шалгах ажлыг асар богино хугацаанд гүйцэтгэж чадаж байна.

Бидний өдөр тутамд гүйцэтгэдэг баримт цэгцлэх, банкны гүйлгээ, журнал хөтлөх, материал хүлээн авах, тайлангууд бэлтгэх, тушаах, тайланд анализ хийх гэх мэт ажлуудаас  хиймэл оюун, технологи нэг нэгээр нь авсаар байна. Иймд нягтлан бодогч бид  өөрсдийгөө зөвхөн бүртгэл, хөтлөх, тайлан бэлтгэхээр хязгаарлахгүйгээр дата аналист, хувийн санхүүгийн зөвлөх, үнэлгээний чиглэлээр нарийвчлан мэргэшүүлж, технологийн дэвшил өөрчлөлтийг нэн тэргүүнд эзэмшиж байх дадлуудыг өөртөө бий болгох нь оновчтой юм.

Анхаарал тавьсанд баярлалаа

Таны ажилд амжилт хүсье.

#mongolnyatlan