Disable Preloader

Нягтлан бодох бүртгэлийг хөтөлж, санхүүгийн тайлан бэлтгэнэ гэдэг зөвхөн дебит, кредит бичилт хийгээд, санхүүгийн програмд өгөгдсөн кодны дагуу тайлан гаргах явдал биш юм. Учир нь аливаа байгууллагын үйл ажиллагааны онцлог, цар хүрээ, эдийн засаг, эрх зүйн орчин өөр өөр байдаг. Үүнтэй холбоотойгоор нягтлан бодох бүртгэл хөтлөх, тайлан бэлтгэх арга зүй ч бас өөр өөрийн гэсэн хэд, хэдэн онцлогууд бий.

Ийм учраас Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулинд байгууллага бүр өөрийн онцлогт тохирсон нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг баталж, мөрдөж ажиллана гэж заасан байдаг.

Бодлогын баримт бичигтэй байснаар аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд нэлээдгүй олон давуу талыг бий болгодог байна.

Жишээлбэл:

1. Тогтвортой тасралтгүй байдал. Нягтлан бодох бүртгэлийн бодлого нь санхүүгийн ажилтанд ажил гүйлгээг нэг ижил шугамаар ойлгоход тусалдаг. Томоохон компаниудад олон нягтлан бодогчид ажил гүйлгээг бүртгэлд тусгаж шалгаж байдаг бөгөөд ижил төрлийн ажил гүйлгээг хэд хэдэн өөр дансанд тусгах тохиолдол нэлээдгүй байдаг. Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг нь СТОУС, НББ-ийн тухай хууль хэрэгжүүлэх зураглах төдийгүй, санхүүгийн хэлтсийн ажилтнуудын ойлголтын зөрүүг арилгадаг.

2. Нягтлан бодох бүртгэл үнэн зөв явагдах. Нягтлан бодогч нар орлого хүлээн зөвшөөрөлт, үнэт цаасны ангилал, зэрэглэл гэх мэт нарийн төвөгтэй зүйлсийн талаар хангалттай мэдлэг мэдээлэлгүй байсан ч нягтлан болох бүртгэлийн бодлого нь чиглүүлж, үнэн зөв бүртгэл хөтлөх боломжийг олгож байдаг. Нягтлан бодох бүртгэлийн бодлого нь чадварлаг ажилтнуудыг зөв шийдвэр гаргахад чиглүүлж чаддаг гэвч нягтлан бодох бүртгэлийн зөвлөхүүдийн гаргах шийдвэрийг орлох хэмжээний чадамжгүй юм. Бодлогын баримт бичгийг хэрхэн хэрэгжүүлэхээ нягтлан бодогч нар мэддэг байх ёстой бөгөөд ажил гүйлгээг хүлээн зөвшөөрч бүртгэхдээ илүү танин мэдэж, нарийн шинжилгээ хийсний дараа бүртгэж байх нь зүйтэй юм.  

3. Үр ашиг. Шийдвэр гаргах үйл явц хялбар байснаар нягтлан бодох бүртгэлийн бодлого нь бүртгэл хөтлөлтийн үйл явцыг илүү үр ашигтай болгох боломжтой юм. Энгийн өдөр тутмын гүйлгээний хувьд нягтлан бодох бүртгэлийн бодлогодоо тусган ажил гүйлгээг санхүүгийн системд автоматаар тусгах боломжтой юм. Нягтлан бодох бүртгэлийн автоматчилагдсан ажлуудыг одоог хүртэл хүн хянах шаардлагатай байгаа бөгөөд энэ нь ажлыг гараар гүйцэтгэснээс бага зарцуулдаг байх ёстой юм. Автоматаар хийгдэж буй ажил гүйлгээ нь бүртгэлийн алдааг бага гаргаж байгаагаараа давуу талтай. Ерөнхийдөө автоматчилагдсан санхүүгийн систем нь үг үсгийн эсвэл тоо баримтын алдааг гаргадаггүй.

4. Баримтжуулалтын шаардлага. Бодлогын баримт бичиг нь аудитад зайлшгүй шаарддаг бөгөөд дотоод хяналтын систем хэрэгжиж буй эсэхэд дүгнэлт өгөхөд тулгуур болдог. Нягтлан бодох бүртгэлийн бодлого нь ажил гүйлгээний нотлох баримтын шаардлага, ойлголтыг бүрэн өгч түүний хэрэгжилтээр дамжин дотоод хяналтын системийн үнэлгээ хийгдэж, ажил гүйлгээ бүртгэлд тусах хүртлээ ямар шат дамжлагаар баримтжуулалт бий болгосон байх ёстойг тодорхойлдог.

Бодлогын баримт бичигтэй аж ахуйн нэгжүүдийн хувьд бүртгэлийн болоод үйл ажиллагаа нь бодлогын баримт бичиггүй аж ахуйн нэгжүүдээс харьцангуй хурдан, эмх цэгцтэй байдаг талаар судалгаанд тусгагдсан байдаг.

Ийм учраас нягтлан бодогч нарын өөрийн үйл ажиллагааны онцлогт тохирох бодлогын баримт бичгийг боловсруулж, үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг зөвлөе.

Амжилт хүсье

Хүндэтгэсэн

#mongolnyagtlan

Түгээх: