Disable Preloader

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэл

2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Монгол Улсын Их Хурлаас Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчлэн баталсан билээ. Энэхүү хууль нь 13 бүлэг 166 зүйлээс бүрдсэн бөгөөд 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх юм.

Шинээр батлагдсан Хөдөлмөрийн тухай хууль нь хөдөлмөрийн харилцааны зарчим, суурь хэм хэмжээг тогтоож, уг харилцаанд оролцогч талуудын үндсэн эрх, үргийг тодорхойлж, тэдгээрийн хоорондын зохистой тэнцвэрт байдлыг хангах зорилготой юм.

Шинэ хуульд дараах гол онцлог өөрчлөлтүүд орсон байна.

1. Нийгэм, эдийн засгийн харилцаа шинэ түвшинд гарч, техник технологи хөгжихийн хэрээр хөдөлмөрийн зах зээлд бий болсон цоо шинэ харилцаануудыг зохицуулахаар ажиллах нөхцөлийн харилцаануудыг тодорхойлж өгсөн байна.

2. Аж ахуйн нэгж, байгууллага бүтцийн хувьд жижиг, малчид болон албан бус салбарт ажиллагчдын тоо өндөр байгаа нь хөдөлмөрийн харилцаанд онцлог зохицуулалт шаардаж буй учир хагас цагийн ажил эрхлэлт, гэрээсээ цагийн ажил эрхлэлт, алсын зайны ажил эрхлэлт, дагалдан болон туршилтаар ажиллах, дагалдан суралцах, туслах малчин, гэрийн үйлчлэгч зэрэг хөдөлмөрийн харилцааг бусад ажилтны нэгэн адил хөдөлмөрийн харилцааны үндсэн эрх эдэлж, үүрэг хүлээдэг байхаар тусгасан байна.

3. Хуулийн суурь зарчмууд болох үл ялгаварлан гадуурхах, шударга байх, дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтыг хориглох, нийгмийн түншлэлийг хангах зохицуулалтуудыг тодорхой болгож өгсөн байна. Хуулийн 5, 6, 7, 8-р зүйлүүдэд ажлын байранд аливаа хэлбэрийн ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэл, бэлгийн дарамтыг хориглож, түүнээс урьдчилан сэргийлэх, гомдол гаргах, шийдвэрлэх процессыг тодорхой тусгасан байна.

4. Үл өрсөлдөх үүрэг гэсэн 72 дугаар зүйл шинээр орж ирсэн. Энэ нь ажил олгогч онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээтэй ажилтантай харилцан тохиролцож үйлдвэрлэл, бизнесийнхээ нууцыг хамгаалах зорилгоор хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсноос хойш 1 жил хүртэлх хугацаанд шууд өрсөлдөгч аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүнд ажиллах эсхүл ажилтан өөрөө шууд өрсөлдөх үйл ажиллагаа эрхлэхгүй байх үүргийг хүлээлгэсэн байна.

5. Ажилтанд түүний цалин хөлс, хуулийн дагуу хийсэн суутгал зэрэг цалин хөлсний талаарх мэдээллийг сар бүр өгч байхаар ажил олгогчид үүрэг хуулийн долдугаар бүлэгт тусгаж өгсөн бөгөөд ажилтны ажлын цагийн дээд хязгаарыг тогтоож өгсөн. Ингэснээр ажилтан нь ажил, амьдралын тэнцвэртэй байдлаа хадгалах нөхцөл бүрдэнэ гэж үзсэн байна.

6. Шөнийн цагаар ажилласан ажилтныг нөхөж амраагаагүй бол түүний цалин хөлсийг хуучин 1,15 дахин нэмэгдүүлж байсан бол 1,2 болгож нэмэгдүүлсэн байна.

7. Жирэмсэн эмэгтэй, 3 хүртэлх насны хүүхэдтэй ажилтанг өөрөө зөвшөөрөөгүй бол амралтын өдөр, нийтээр тэмдэглэх баяр ёслолын өдөр, шөнийн цагаар болон илүү цагаар ажиллуулах, томилолтоор явуулахыг хориглох заалт орсон байна.

8. Хуулийн 137.5-д “Эцэгт шинээр төрсөн хүүхдээ асрахад нь зориулан ажлын 10-аас доошгүй өдрийн чөлөөг ажил олгогч олгож, тухайн хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгоно” Аавын амралтыг бий болгожээ.

Бизнес эрхлэгч танд шинээр батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн судалгаа, сургалтыг авч байгууллагын ирээдүйн үйл ажиллагаагаа төлөвлөх шаардлага гарч байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн сургалтыг авахыг хүсвэл 91030090 утсаар холбогдоно уу.

 

Баярлалаа

Таны ажилд амжилт хүсье.

Түгээх: