Disable Preloader

Хэрхэн татварын зардлыг хуулийн дагуу хамгийн бага байлгах вэ?

Ашгийг өндөр байлгаж зардлыг хамгийн багаар гаргах нь бизнес эрхлэгч бүрийн туйлын зорилго байдаг билээ. Ашиг өндөр байж гэмээн компанийн дараа дараагийн үйл ажиллагааг зөв зохистой төлөвлөх, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх, тасралтгүй үргэлжлэх нөхцөл бүрддэг. Бизнесийн харилцаанд төрөл бүрийн зардлууд гарч тэр нь байгууллагын төлөх татварын хэмжээнд нөлөөлж, татварын зардлын зөв, зохистой хэмжээнд байлгахад чухал үүрэг хүлээж ажилладаг.

Тэгвэл компанийн ашгийн татварын зардлыг хамгийн бага байлгах боломжийн талаар бизнес эрхлэгч та бүхэнтэй энэ удаагийн нийтлэлээр хуваалцахыг хүслээ.

2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар борлуулалтын орлогын хэмжээнээс хамаарсан татварын зардлын хэмнэлтийн боломжуудыг бизнес эрхлэгч нарт олгосон юм.

Нэгдүгээрт: Татварын хялбаршуулсан горим -Энэ талаар хуулийн 29 дүгээр зүйлд тодорхой зааж өгсөн байна. Энэ горимын үед өмнөх жилийн борлуулалтын орлого нь 50 сая төгрөгөөс бага бол татварын төлөгчийн үйл ажиллагааны нийт орлогын дүнгээс 1 хувиар татвар ногдуулж төлөхөөр хуульчилсан. Жишээлбэл “Манай компанийн нийт борлуулалтын орлого 45 сая төгрөг байгаа тохиолдолд 45 сая*1% буюу 450 мянган төгрөгийг татвар болгож төлнө. Хялбаршуулсан горимоор татварын тайланг жилд 1 удаа тайлагнах бөгөөд хялбаршуулсан горимоор тайланг хүргүүлэх тухай харьяалах татварын албанд бүртгүүлсэн байх ёстой. Бүртгүүлээгүй тохиолдолд энэ горимоор тайлан гаргах боломжгүй юм.

 

Хоёрдугаарт: Жилийн 300 сая төгрөг хүртэл албан татвар ногдох орлого олсон тохиолдолд тухайн компанийн татвар ногдуулах орлого буюу орлогоос хасагдах зардлыг хассан дүнгээс 1 хувиар татвар төлөхөөр хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7-д заасан байдаг. Харин энэхүү заалтад ашигт матмал, цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул хийх, олборлох, ашиглах, тээвэрлэх, борлуулах, согтууруулах ундаа, тамхины ургамал тарих, үйлдвэрлэх, импортлох, газрын тосны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, бүх төрлийн шатахууныг импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх, газрын тос хайх, олборлох, борлуулах үйл ажиллагаа хамаарахгүй юм.

 

Гуравдугаарт: Хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар тухайн татвар төлөгчийн татвар ногдох орлого 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй байхаар жилийн эцсийн татварын тайланд тусгасан бол ногдуулсан татварыг 90 хувиар хөнгөлнө. Энэхүү хөнгөлөлтийг татвар төлөгч хуульд заасан хугацаанд татварыг төлсөн байх ёстой бөгөөд буцаан олголтыг жилийн эцсийн тайлан хүргүүлэх эцсийн хугацаанаас хойш ажлын 30 өдрийн дотор олгох юм. Харин энэхүү заалтад ашигт матмал, цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул хийх, олборлох, ашиглах, тээвэрлэх, борлуулах, согтууруулах ундаа, тамхины ургамал тарих, үйлдвэрлэх, импортлох, газрын тосны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, бүх төрлийн шатахууныг импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх, газрын тос хайх, олборлох, борлуулах үйл ажиллагаа хамаарахгүй.

 

Бизнесийн үйл ажиллагааны орлогын хэмжээнээс хамаарсан татварын зардлын хэмнэлтүүдийг бизнес эрхлэгч та эдэлж болох юм. Энэхүү татварын хэмнэлт, хөнгөлөлтийг эдлэхдээ татварын мэргэшсэн зөвлөхүүд болон мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч байгууллагын ирээдүйн үйл ажиллагааны татварын эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

 

Таны бизнест амжилт хүсье.

www.eaudit.mn

Утас: 70110090

Түгээх: