Жилийн эцсийн тайлан гарахад 10 хоног үлджээ.
Энэ үед манай нягтлан бодогч нар тайлангаа гаргаад маш завгүй байдаг билээ. Эдгээр өдрүүдэд санхүү, татварын тайлан гаргахтай холбоотой хэд хэдэн чухал зөвлөмжүүдийг оруулъя гэж бодлоо.
Энэхүү зөвлөмжүүд таныг тайлан бэлтгэхэд бага ч болов тус болно гэдэгт итгэлтэй байна.
1. Тайлан бэлтгэхдээ хаанаас эхэлж хийхээ тодорхойлох
Нягтлан бодогч нар санхүүгийн тайлан бэлтгэхдээ эхлээд банкны харилцах данс, кассаа боловсруулах, эсхүл НӨАТ-ын баримтуудаа бүртгэлдээ оруулах гэх мэтээр өөрт амархан, ойлгомжтой хэсгээс эхэлдэг. Ихэнх нягтлан бодогч нар касс, харилцахын орлого зардлаа нэг бүрчлэн боловсруулан ерөнхий журналаа хөтөлж эхэлдэг. Энэ нь оновчтой санагддаг шүү. Учир нь касс, харилцахын үлдэгдэл зөв байх, түүгээр дамжиж гарсан ажил гүйлгээг бүртгэчихэд мөнгөн гүйлгээний тайлан ерөнхийдөө бэлэн болчихдог.
2. НӨАТ, ХХОАТ, Нийгмийн даатгалын тайлангуудын мэдээлэл, үлдэгдлийг тохируулах
Санхүүгийн тайланд нөлөөлдөг эхний тайлан бол НӨАТ-ын тайлан байдаг. НӨАТ-ын тайлангийн дагуу Ebarimt-д тусгагдсан орлого, зардлыг бүртгэлд тусгаснаар ерөнхийдөө байгууллагын орлогын тайлангийн гол үзүүлэлтүүд бэлэн болдог. Учир нь 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тавигдах шаардлагад ...дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх гэж заасан. Иймд НӨАТ-ын тайланд борлуулалт, худалдан авалтыг бүртгэснээр борлуулалтын орлого, бараа материалын өртөг, борлуулсан бүтээгдэхүүний өртөг, үйл ажиллагааны зардал, үйл ажиллагааны бус зардлуудын дүнгүүд тодорхой болж байгаа юм.
Мөн Нийгмийн даатгалын тайланд тусгагдсан цалингийн зардлыг бүртгэлд тусгаснаар цалингийн зардал, нийгмийн даатгалын зардал, цалингийн өглөг, нийгмийн даатгалын өглөг, цалингаас суутгасан ХХОАТ-ын дүнгүүд тодорхой болдог.
3. Бараа материалын бүртгэл, тооллого хийж үлдэгдлийг тохируулах
Бараа материалын тайлангаас борлуулсан бүтээгдэхүүний өртөг, барааны үлдэгдэл зэргийг тодорхой болгож ажил гүйлгээг санхүүгийн тайлан бэлтгэж буй програмтай холбож, бүртгэлд тусгаснаар таны ажил өндөрлөх болно. Ингэж ажиллахдаа няравтай хамтран ажиллах нь зүйтэй. Таны мэдэхгүй байгаа барааны орлого, зардлыг нярвууд хариуцаж хийсэн учир таныг ерөнхий журнал хөтлөхөд туслах болно.
4. Үндсэн хөрөнгийн бүртгэл, тооллого тохируулах
Нягтлан бодогч нар үндсэн хөрөнгийн бүртгэл хөтлөхдөө ихэнхдээ шинээр авсан үндсэн хөрөнгийн өртгийг тодорхойлох, элэгдлийг тооцоолохдоо алдаа гаргасан байдаг. Тиймээс элэгдлийн тооцоолол хийх, үндсэн хөрөнгийн бүртгэл хийхдээ өртгийн тооцооллыг сайтар хянаж байхад илүүдэхгүй юм.
5. Авлага, өглөгийн тооцоог заавал нийлж байгаарай
Манай нягтлан бодогч нар харилцагч байгууллагатай заавал авлага, өглөгийн тооцоогоо нийлж байгаарай. Учир нь харилцагч байгууллага бүртгэлдээ танайд төлөх өрөө, эсхүл танайхаас авах авлагаа тусгаагүй орхигдуулснаас үүдэн зөрүү үүсэж дараа нь маргаан болдог тохиолдлууд нэлээдгүй байдаг. Иймд тайлан гаргаж буй 12 дугаар сарын 31-ний өдрөөр тооцоо нийлж үлдэгдлээ заавал баталгаажуулж байгаарай.
6. Татварын төлбөр тооцоогоо үнэн зөв хийж байх
Татварын хуулийн шинэчлэлүүд татварын өр төлбөрийг зөв тодорхойлоход зарим хүндрэлүүдийг бий болгож байна. Жишээлбэл энэ жилийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хялбаршуулсан тайлан, хөнгөлөлт үзүүлж буй тайлан, чөлөөлөлтөд хамрагдаж буй тайлан, татварын буцаан олголттой тайлан гээд төрөл бүрийн шинэ тохиолдлууд гарч ирж байна. Ийм учраас татварын тайлангаа тушаахдаа Татварын Ерөнхий Газар болон Сангийн яамнаас гаргасан журам зааврыг заавал уншиж танилцаарай.
Дээрх зөвлөмжүүдийг нэг бүрчлэн анхаарч тайлангаа бэлтгээрэй НЯГТЛАН БОДОГЧ НАРАА.
Амжилт хүсье.
Тайлан гаргахтай холбоотой асуух зүйл гарвал 70110090 утсаар холбогдоорой.
Баярлалаа