Disable Preloader

2022 оны санхүү, татварын тайлан засах, залруулахад цөөхөн хоног үлдлээ.


Эрхэм мэргэжил нэгт нөхдөө санхүүгийн тайлангаа засах, залруулах бол богино хугацаа үлджээ.

Хэрэв 2022 оны тайлангаа буруу зөрүү гаргасан бол

Хэрэв 2022 оны тайландаа залруулга өөрчлөлт хийсэн бол

Хэрэв 2022 оны тайлангаа аудитаар хянуулж засахаар болсон бол 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө харьяа төрийн сандаа хүсэлт гаргаж холбогдох засварыг хийлгэдэг билээ. Санхүүгийн тайлан засахтай холбоотой татварын тайланг засах мөн холбогдох хүсэлтийг татварын албандаа гаргаж засваруудаа яаралтай хийлгээрэй.

Тайлан засах, залруулга хийхтэй холбоотой дүрэм журмууд дараах байдалтай байна.

  1. Санхүүгийн тайлан засах

Өмнөх оны санхүүгийн тайланг засах, залруулах эрх нь тухайн байгууллагын гүйцэтгэх удирдлагад байх бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 15.1. “Аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэл хөтлөлтөд гарсан алдааг алдаа гарсан шалтгаан, залруулах аргыг тодорхой тусгасан баримт, тайланг үндэслэн залруулах бөгөөд зөвшөөрсөн болон залруулга хийсэн албан тушаалтан гарын үсэг зурж баталгаажуулна.”

15.2. “Нягтлан бодох бүртгэлийн алдааг алдаа гарсан үеийн санхүүгийн тайланд тусгах замаар залруулна.” гэж заасны дагуу залруулга хийх юм.

Харин залруулсан санхүүгийн тайлангаа Сангийн сайдын 2020 оны 46 дугаар “ Аж ахуйн нэгж, байгууллагын  санхүүгийн тайланг хүлээн авах, хянах, нэгтгэл хийх,нэгтгэлийн мэдээллийг ашиглах журам ” тушаалын хавсралтын 4.1. “Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан үндэслэлээр аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн тайландаа  залруулга хийлгэх бол  залруулга хийлгэх хүсэлт, залруулга хийлгэх болсон шалтгаан, түүнийг тусгасан баримт, тайланг хэвлэмэл байдлаар харилцагч санхүүгийн байгууллагад биечлэн тушаана.” “4.3.Жилийн эцсийн санхүүгийн тайлангийн залруулгыг дараа оны 12 дугаар сарын 20-ыг хүртэл, хагас жилийн санхүүгийн тайлангийн залруулгыг тухайн тайлант оныг дуустал харилцагч санхүүгийн байгууллага хийнэ.” гэж заасны дагуу e-balance.mof.gov.mn дээрх тайландаа залруулгыг хийлгэх юм.

 

  1. Татварын тайлан

Өмнөх оны татварын тайлангуудыг засах, залруулах эрх нь мөн гүйцэтгэх удирдлагад байх бөгөөд Татварын ерөнхий хуулийн 31.1. “Татвар төлөгч татварын тайланг дараагийн татварын жилд багтаан залруулж болно.” 31.2. “Хэрэв татвар төлөгч татварын тайлангийн ногдлыг бууруулах залруулга хийх бол уг залруулгыг нотлох анхан шатны болон холбогдох бичиг баримтын хамт залруулсан тайланг ирүүлнэ.” гэж заасны баримтлан залруулга хийх юм.

Харин залруулсан татварын тайлангаа Татварын ерөнхий газрын даргын 2019 оны А/260 дугаар тушаал “ ТАТВАРЫН ТАЙЛАН ҮЙЛДЭХ, ТУШААХ, ХҮЛЭЭН АВАХ,БОЛОВСРУУЛАХ, ТАЙЛАНД ЗАЛРУУЛГА ХИЙХ ЖУРАМ ” хавсралтын   4.1. “Татварын ерөнхий хуулийн 31.1-д заасан хугацаанд багтаан татвар төлөгчийн хүсэлтээр татварын тайланд залруулга хийнэ.” 4.2. “Татвар төлөгч нь татварын тайлан залруулах хүсэлтийг холбогдох нотлох бичиг баримтын хамт харьяалах татварын албанд ирүүлнэ.” гэж заасныг баримтлан etax системд залруулга хийлгэх юм.

Хүндэтгэсэн:

Азуре Хүлүг Аудит ХХК-ийн зөвлөх үйлчилгээний баг

 

Утас: 70110090

Түгээх: