Нягтлан бодох бүртгэл бизнесийн хэл юм
Нягтлан бодогч нар бизнесийн хэлмэрч нь юм.
Нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааны ил тод, үнэн зөв байдал нь аливаа бизнесийн амжилттай үргэлжлэх эсхүл зогсох цэгийн таамгийг тодорхойлоход хамгийн дөхөм болохуйц зүйл байдаг.
Тоо худлаа хэлдэггүй гэж мэргэн үг байдаг. Бизнесийн тоон мэдээ, санхүүгийн тайланг системтэй, оновчтойгоор бэлтгэдэг шинжлэх ухаан бол нягтлан бодох бүртгэл. Манай дэлхий дээрх хамгийн амжилттай яваа бизнес бүр хамгийн тунгалаг үнэн зөв бүртгэлийн систем, стандартчиллыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн байдаг.
Иймд эрхэм бизнесийн эзэд танд зориулан нягтлан бодох бүртгэлтэй холбоотой богино мэдээллийг хүргэе.
Нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг гэдэг нь байгууллагын мэдээллийн цогц систем байдаг. Ямар ч аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулахад зардал, өртөг, орлого, хөрөнгө, хоорондын тооцоо(авлага, өглөг) гэсэн зүйлсийг заавал бүртгэж ёстой бөгөөд анхан шатны баримт бүрдүүлэх, журналд бичих, дэлгэрэнгүй болон ерөнхий данс хөтлөх, гүйлгээ баланс бэлтгэх, санхүүгийн тайлан гаргах гэсэн дарааллаар мэдээллийг боловсруулна. Санхүүгийн тайлан бэлтгэх явцад касс, харилцахын тайлан, бараа материал, үндсэн хөрөнгө, авлага өглөгийн, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, хувь хүний орлогын татварын тайлан, нийгмийн даатгалын тайлан, үл хөдлөх хөрөнгийн албан татварын тайлан, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, бусад татварын тайлан гэх мэтчилэн үйл ажиллагаанаас хамаарсан туслах болон татварын тайлангууд үндсэн орц нь болж өгдөг. Эдгээр тайлангууд нь хоорондоо нягт уялдаа холбоотой байх бөгөөд энэхүү тайлангийн товч мэдээллүүд нь санхүүгийн тайлангийн тодруулга мэдээ болж байдаг.
Аж ахуйн нэгжийн санхүүгийн тайланг үнэн зөв гарсан талаар гүйцэтгэх удирдлага 1-р гарын үсэг, ерөнхий нягтлан бодогч нь 2-р гарын үсгийг зурж баталгаажуулдаг.
Харин нягтлан бодох бүртгэлийн явц, санхүүгийн тайланд алдаа зөрчил гарсан бол алдаа гарсан шалтгаан, залруулах аргыг тоорхой тусгасан баримт, тайланг үндэслэн залруулах бөгөөд зөвшөөрсөн болон залруулсан этгээд гарын үсэг зурж мөн баталгаажуулдаг байна.
Монгол улсын хувьд санхүүгийн тайлагналын стандарт мөрдөж байгаа байдлаар аж ахуйн нэгжүүдийг дотор нь 3 ангилдаг ба энэ ангилал нь санхүүгийн тайланг тушаах хугацаа болон аудит хийлгэх шаардлага зэрэгт нөлөөлдөг байна.
Том аж ахуйн нэгж -Санхүүгийн тайлагналын олон улсын стандартыг мөрдөгч аж ахуй нэгжүүд. Энэ ангилалд нийт хөрөнгийн хэмжээ 0,5 тэрбум, борлуулалтын орлогын хэмжээ 1,5 тэрбум төгрөгөөс дээш байгууллагууд болон Хувьцаат компани, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой, улс төрийн нам, банк гэх мэт хамаарагдана.
Жижиг дунд аж ахуйн нэгж -Жижиг дунд аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлагналын олон улсын стандартыг мөрдөгч буюу дээрх үзүүлэлтийг хангаагүй аж ахуйн нэгжүүд хамаарна.
Төсөв байгууллага-Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартыг мөрдөж ажиллах төсвийн байгууллага буюу төсвөөс санхүүжилт авч ажилладаг байгууллагууд хамаардаг.
Хуулиар санхүүгийн тайланг жижиг аж ахуйн нэгжүүд жилд 1 удаа, том аж ахуйн нэгжүүд жилд 2 удаа өгөхөөр заасан байдаг.
Бизнесийн эздэд зориулсан бүртгэлтэй холбоотой богино мэдээллийг энэ хүргээд өндөрлөе.
Бүртгэлийн зөвлөгөө, мэдээ мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.
Амжилт хүсье.