1. Нягтлан бодогчийн ажил хүлээн авахдаа хянамгай, анхааралтай хандах
Шинээр нягтлан бодогч нар ажилд орж, ажил хүлээн авахдаа туршлага дутмагийн улмаас ажил хүлээн авах үедээ алдаа гаргасан байдаг. Жишээ нь: Өмнөх нягтлангаас бараа материалын тооллого хийлгүйгээр барааг хүлээн авах, авлага, өглөгийн тооцоо нийлдэггүй, харилцагч байгууллагуудтай хуучин нягтлангийн хамт танилцдаггүй зэргээс үүдэн шинэ нягтлан бодогч нар өр төлбөр, болон асуудалд унах тохиолдол байдаг.
2. Нягтлан та хэрэв ерөнхий нягтлан, ахлах нягтлангийн ажил авч байгаа бол тухайн байгууллагын татварын эсрдэлийг заавал магадлах хэрэгтэй.
Жишээ нь: Таны орсон байгууллага хэзээ хамгийн сүүлд татварын шалгалт орсон, ямар үр дүн гарч байсан. Татварын өр төлбөрийн үлдэгдэл хэр их байна гэх мэтээр. Эдгээрийг шалгаагүй тохиолдолд танай байгууллагад ирэх татварын хяналт шалгалтын үеэр акт тавигдсан тохиолдолд хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй болж, хяналт шалгалтын үед ажиллаж байгаа танд л буруу тохоогдох магадлалтай.
3. Нягтлан бодогч ажилд орохдоо тухайн байгууллагын үйл ажиллагааны онцлог, бүртгэлийн онцлогийг сайтар судлах
Шинэхэн нягтлан бодогч практик багатай байх учир нягтлан бодох бүртгэлээ хөтлөхөд салбарын онцлогоос хамаарсан бүртгэлийн арга барил, өртгийн хуваарилалт зэрэг дээр мэдэхгүй асуудлууд гарч ирнэ. Тиймээс энэ арга барил, практикийг бие даан судлах, удирдах албан тушаалтнаас туршлага судалж байж бүртгэлээ хөтөлсөн нь дээр
4. Шинэ нягтлан бодогч өөрт буй нягтлан бодох бүртгэлийн болон үйл ажиллагааны шинэ, ашигтай арга барил, практикийг Компанидаа зоригтойгоор нэвтрүүлэх.
Учир нь шинэ ажилтнаас Компанийн удирдлага бүтээлч шинэ санаа, санаачлаг, практикийн талаар хүлээлттэй байдаг.
5. Нягтлан та тухайн байгууллагын бүртгэлийн үйл ажиллагааг сайжруулах, хурдан, хялбар болгох арга замыг эрэлхийлэх хэрэгтэй.
Бүх зүйл нэгэн хэвэнд цутгасан мэт үргэлжлэх нь уйтгартай, мөн СТОУС жил бүр шинэчлэгдэж байдаг. Монгол улсын хуулиуд тодорхой хугацааны давтамжтай өөрчлөгдөж байдаг.
6. Нягтлан бодох бүртгэл хөтлөхдөө бүртгэлийн үндсэн 6 зарчмыг ягштал мөрдөж байх хэрэгтэй.
Нягтлан гэдэг мөнгө, санхүүтэй холбоотой бүх зүйлийн 2-р гарын үсгийг зурж байдаг. Тиймээс та ирээдүйд өөрт чинь ирэх эрсдэлийг өнөөдрийн хийж байгаа ажлаараа хамгаална.
7. Сар бүр хийх ажлын хуваарийг тодорхой гаргаж ажиллах
Учир нь нягтлан бодогч таны хийх ажил тодорхой давтамжтай үргэлжилсээр байдаг. Жишээ нь НӨАТ-ын тайлан, НДШ-ийн тайлан, мөнгөн хөрөнгө, бараа материал, үндсэн хөрөнгийн тооллого гэх мэт эдгээрийг би сар, улирал бүрийн яг тэр хугацаанд хийсэн байх ёстой гэсэн төлөвлөгөөг. Нягтлан бодогч өөрийн төлөвлөгөөг ягштал хэрэгжүүлэхэд тодорхой хугацааны дараа нягтлан бодогчтой харилцдаг ажилтнууд таны төлөвлөгөөнд хайрцаглагдсан байдаг.
8. Өөрийн хийж буй ажилдаа эрсдэл гаргахгүй тулд 1-2 жилд тутамд өөрийн хүсэлтээр татварын хяналт шалгалтад хамрагдаж байх.
Богино хугацаагаар татварын шалгалтад хамрагдсанаар та өөрийн гаргасан алдааг эрт засах боломж, мөн түүнчлэн татварын акт торгуулийн дүн бага тавигдана.
9. Өөрийгөө хөгжүүлэх
Мэргэшсэн нягтлан бодогч болох, татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч болох зэргээр та өөрийн үнэ цэнийг нэмэгдүүлэх алхмыг хийж байх
10. Туршлага солилцож бай.
Танд тохиолдсон асуудал ганцхан танд тохиолддоггүй тул өөрт тулгамдсан асуудлаа бусад нягтлангуудтай хуваалцаж, туршлага солилцож байх нь зүйтэй. Шинэ нягтлангууд өөр тулгамдсан асуудлаа өөрөө шийдэхдээ алдаа гаргах магадлал өндөр байдаг.